Компанийн засаглалын III форум өчигдөр “Чингис” зочид буудалд боллоо. Форумд Ерөнхий сайд С.Батболд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Саеид зэрэг гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгч оролцов.
Манайх бизнесийн 20 жилийн туршлагатай улс. Тухайн үед компанийн засаглал гэж юу байдаг, хэрхэн сайжруулах талаар мэдлэггүй байсан. Харин одоо сайн засаглалыг бий болгохгүйгээр бизнест амжилт олохгүйг хүн бүр мэдэх болжээ. Тодруулбал, одоогийн бизнес эрхлэгчид зөвхөн анхны үеийнхэн. Тиймээс хараахан компанийн засаглалын асуудал тулгараагүй байгаа гэсэн үг. Мөд нэгдүгээр үеийн бизнесээ дараагийн үед шилжүүлэх болно. Үүнд бэлтгэлтэй байх нь чухал аж. 2007 онд манай улс Компанийн засаглалын кодексыг баталсан. Тодруулбал, тайлагнал болон үүргийн хариуцлага, ил тод, шударга ёс гэсэн дөрвөн тулгуур зарчим бий. Одоогоор дээрх зарчмыг хангаж байгаа компани байхгүй ч эхлэлийн байдалтай байгаа аж.
Татварын хууль тогтоомжийг гадна, дотоодын төлөөлөгчдөд ойлгомжтой болгохын тулд шинэчлэхээр зэхэж байгаа аж. Ирэх онд хуулийн төслийг УИХ, Засгийн газарт өргөн барьж батлуулахаар төлөвлөжээ. Харин Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр боловсруулаад бэлэн болжээ. Ойрын хугацаанд танилцуулах гэнэ. Мөн Аудитын тухай хуулийг ч шинэчлэх хэрэгтэй болсон аж. Хувийн аудитын компаниуд ихэнх нь захиалгаар тайлан гаргаж өгөхөд бэлэн байдаг аж. Хэдэн сарын өмнө аудит хийсэн компанийнхаа хөрөнгийн хэмжээг 15 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн тохиолдол гарчээ. Харин үүнийгээ тайлбарлахыг хүсэхгүй байсан аж.
Энэ үеэр яригдсан чухал зүйлийн нэг нь Монголын дээд боловсролын тухай хуульд заасан сургуулиудын ТУЗ байв. Дээрх хуульд ТУЗ-д үүсгэн байгуулагчдын төлөөлөл болон оюутны төлөөлөл байж болох талаар тусгасан байдаг аж. Тухайлбал, МУБИС-ийн ТУЗ-ийн 15 гишүүний ес нь улстөрч аж. Зөвлөлд боловсролын талаар мэдлэггүй хүн олон байгаа нь дээд боловсролын чанар муудсанд нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс боловсролын салбараас улс төрийг ангид байлгах хэрэгтэйг онцолсон. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт сайн засаглал бий болоогүйн илрэл аж.
Дахин нэг жишээ татъя. Хувийн сургуульд гэр бүлээрээ ажилладаг. Аав нь захирал бол ээж нь ректор, охин нь сургалтын албаны даргаар ажиллаж байна. Тиймээс энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг салбар яаманд удахгүй тавих аж. Үүнтэй адил жишээний нэг нь эмнэлгүүд гэнэ. Саяхан I амаржих газарт засвар хийсэн. Энэ нь мөн л сайн засаглал байгаагүйн илрэл гэж үзсэн юм.
Дэлхийн банкнаас гаргасан Компанийн засаглалын стандарт хэрэгжилтийн үнэлгээний тайланд сайн засаглалтай нэг ч төрийн өмчийн компани байхгүй гэж бичжээ. Тиймээс төрийн өмчийн компаниудыг хөгжүүлэх бодлого боловсруулахыг зөвлөсөн байна. Мөн сайн засаглал бий болгохын тулд хөрөнгийн зах зээл дээрх иргэдийн итгэлийг сэргээх, Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж эрх зүйн орчноо сайжруулахыг зөвлөлөө. Дараа үеийн боловсон хүчнийг ч одооноос бэлтгэхийг сануулсан юм.
Манай улсын банкны салбарт 1994, 1996, 2008 онд хямрал нүүрлэсэн. Энэ нь банкны засаглал муу байснаас болсон. Банкны үүсгэн байгуулагчид нь өөрсөддөө болон танил талдаа зээл олгосноор хямрал эхэлж байжээ. Хямралыг арай засаглал сайтай нь даван үлдэж байсан түүхтэй. Одоогоор банкны засаглал төгс төгөлдөр болоогүй ч олон улсын түвшинд хүрэхэд ойрхон байгааг “Хадгаламж”, “Голомт”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”-ны захирлууд хэлж байв. Тэд банкны салбарын 90 хувь нь эрүүл байгааг баталсан. Тодруулбал, иргэдийн хадгаламжийн 90 хувь нь дээрх банкуудад төвлөрдөг гэсэн үг. Тиймээс хадгаламжийн ердөө 10 хувь нь л бусад банкуудад байрлаж байгаа аж. Мөн тэд “Төрийн банк”-ийг хувьчлахыг яаруулсан юм.
from www.shuud.mn
No comments:
Post a Comment