Thursday, May 27, 2010

С.Батболд: Засаглал муу байгаагийн тод жишээ МИАТ-аас харагдсан



Ерөнхий сайд “Чингис” зочид буудалд болсон Засаглалын III форумыг нээж “Монгол Улс шилжилтийн үеийн  буухиаг  хөгжлийн  буухиа болгох ёстой. Энэ боломж бидэнд байна. Ингэхийн тулд засаглалын болон үйлдвэрлэл, үйлчил­гээний шинэ стан­дартыг хэвшүүлж, үнэт цаас, хөрөн­гийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй” гэв. Эрдэс баялаг, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг бүх салбарыг хөгжүү­лэх дотоод  боломж, гадаад дэмжлэг байна. Ашигт малт­малын нөөц ихтэй улс орнуудын засаглал сай­тай нь хөгжиж, муутай нь ядуурсан жишээ олон. Иймээс эдийн засгийн  шинэч­лэлийг хөгжлийн эдийн засгийн шинэчлэл бол­го­хын тулд засаглалаа сайжруулж тогтвортой, ил тод, ойлгомжтой, тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэг­тэй. Төрийн өмчит МИАТ компанид үүссэн нөхцөл байдал нь тухайн бай­гууллагад засаглал муу байгаагийн тод жи­шээ. Бид чаддагаараа менеж­ментийг нь сольж байгаа ч энэ нь шийдэл биш. Компа­нийн засаглал, соёл, ёс зүйг өөрчилсөн цагт ажил жин­хэнэ стандартын дагуу явах учиртай гэж Ерөнхий сайд хэллээ. 
Ганц МИАТ ч биш төрийн өмчит бусад ком­панид засаглалын шинэ стандарт тогтоох, Төлөөлөн удирдах зөвлөлд нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын тө­лөөл­лийг оруулахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болгосон. Төр өөрийн ачаанаасаа зарим боломжтойг нь шилжүүлэх ёстой. Ингэхдээ нэг ком­панид биш, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, салбараа бүрэн төлөөлж чадах мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ёстой. Өнөөдөр манайд мэргэжлийн холбоо маш их байна. Тэд хүчтэй, нэгдмэл  болох учиртай гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ. 
Үндэсний томоохон ком­паниуд хувьцаа гарган хөрөнгийн зах зээлд гарахын тулд ашиг, орлогоос гадна засаглалаа сайжруулах чиглэлээр бодит ажил хийх хэрэгтэй. Засгийн газар үндэсний компаниудаа дэмжих бодлого баримталж байна.  Энэ удаагийн форумаас гаргах тодорхой ажил хэрэгч санал, зөвлөмжийн боломжтойг нь Засгийн газар төрийн бодлогод тусгах болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Засаглалын III форум нь монголын бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад Дэлхийн банкнаас гаргасан Компанийн засаглалын стандарт хэрэг­жилтийн үнэлгээний тайланг танилцуулах, компанийн за­саглалд тулгарч байгаа эрх зүйн болон бусад асуудлаар санал солилцож, шинэчлэл хийх нэгдмэл байр суурьт хүрэх зорилготой аж.  

No comments:

Post a Comment